Telmuun Byambaragchaa

Эх орончдын бонд

Бондын инноваци

Валютын хомсдолтой үед экспорт, гадаад валютын зээл, гадаадын шууд хөрөнгө оруулалт (+гадаад валютын гуйвуулга)-аас өөр валют оруулж ирэх сонголтгүй. Гол экспортын бүтээгдэхүүн зэс, нүүрсний үнэд бид нөлөөлөх ямар ч боломжгүй тул орхиё. Төмөр зам, боловсруулах үйлдвэрүүд бүгд мөнгөгүй, зохион байгуулалтгүйгээс болж гацсан. Хөрөнгө оруулагчдын тухайд улс төрийн өндөр эрсдэл, уруудаж буй зээлжих зэрэглэлээс болоод үндсэндээ хүлээлтийн байдалд. Ингэхээр бидэнд гадаад валютын зээлээс өөр дорвитой, богино хугацааны арга зам байхгүй мэт.

Иймдээ ч Засгийн газар 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд арилжаалжээ. Гэтэл 4 жилийн өмнө бид 500 сая ам.долларын бондыг 5.75 хувийн хүүтэй гаргасан. Энэ бол маш өндөр хүү. Ижил хугацаатай ЗГ-ын бондыг АНУ 1.25 хувь, Вьетнам 6.358 хувь, Турк 9.46 хувь, ОХУ 9.3 хувиар, Грек 9.99 хувиар арилжаалж байхад шүү дээ. Засгийн бондын хүү, өгөөжийн түвшин нь тухайн улсын үнэлгээ байдаг. Бондын хүү ийнхүү 2 дахин шахуу өссөн нь бидний эрсдэл тэр хэрээр нэмэгджээ гэсэн үг. Улмаар засаг ийм өндөр хүүтэй зээл авч байхад арилжааны бусад бүх зээл үүнээс өндөр үнээр олдоно.

Гэтэл хямд эх үүсвэртэй валют татах өөр арга хэрэгслүүд байдаг ажээ. Эдгээрийн нэг нь “diaspora bond” буюу “эх орончдын бонд” юм. /Diaspora гэдэг тархах гэсэн утгатай Грек үгнээс гаралтай бөгөөд нутаг орноо орхин гадаадад амьдарч буй үндэстний төлөөллийг нэрлэдэг/[1]. Энэ төрлийн бондыг хөгжлийн санхүүжилтийн нэгэн инноваци гэх нь ч бий. Үндсэн санаа нь дэлхий даяар тархсан элэг нэгт ахан дүүсээсээ эх орондоо хувь нэмрээ оруулахыг гуйн бага хүүтэй өрийн бичиг гаргах юм. Тухайлбал, зах зээлийн хүү 10.8 хувь байлаа гэхэд бид хорвоогийн өнцөг булан бүрт байгаа монгол угсаатнуудад хандан 7.8 хувийн хүүтэй өрийн бичиг санал болгоно. Зөрүү 3 хувийг “patriotic discount” буюу “үндэсний үзлийн хүүгийн зөрүү” байдлаар улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр гэж үзэх нь байна.

Бусдын туршлага

Эх орончдын бондыг анх Израйл Улс гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор дэлхийгээр нэг тархсан цагаач еврей нараас тусламж гуйн 1951 онд анх гаргаж нийт 30 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө босгожээ. Улмаар Энэтхэг, Бангладеш, Леван, Пакистан, Шри Ланк, Филиппин, Гана, Этиоп, Кени зэрэг хөгжиж буй голдуу орнууд (манайхаас илүү л дээ) арилжаалаад байна.[2] Эдгээр орнуудын гаргасан бонд хүү нь Засгийн газрын энгийн бондоосоо бага хүү амлаж хөрөнгө татсан байдаг. Тэд элэг нэгтнүүдийн итгэж өгсөн мөнгөөр тус улс тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, усан хангамж зэрэг томоохон дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлжээ.

Бүгд Найрамдах Энэтхэг Улс төлбөрийн балансын алдагдлаа санхүүжүүлэх зорилгоор 1992 оноос хойш “Энэтхэгийн хөгжлийн”, “Энэтхэгийн сэргэн мандлын”, “Энэтхэгийн мянганы хөгжлийн” гэх сүржин нэртэй 3 удаагийн нийт 11 тэрбум ам.долларын бонд арилжаалсан түүхтэй[3]. Гана Улс тусгаар тогтнолынхоо 50 жилийн ойг тохиолдуулан 2007 онд гана ард түмэндээ хандаж “Golden Jubilee” буюу “Алтан ой” гэх бонд гарган 50 сая ам.доллар босгосон. Этиоп Улс 2011 онд “Grand Renaissance Dam” гэх 4.8 тэрбум ам.долларын өртөгтэй усан цахилгаан станц барих ажилд зориулан LIBOR+(1.24%-2%) буюу ойролцоогоор 3 орчим хүүтэй бонд гаргасан байна. Саяхны жишээ Нигери Улс 2013 онд валютын урсгалаа нэмэгдүүлэхээр 100 сая долларын “эх орончдын бонд” АНУ-ын Үнэт цаас арилжааны хороо (Securities and Exchange Commission)-оор дамжуулан гаргасан байна.[4]

“Diaspora bond”-ын нэг давуу тал нь бондын арилжаа, хүүнд тухайн улсын зээлжих зэрэглэл онцын нөлөө үзүүлдэггүй. Манайхаас ч зэрэглэл муутай Этиоп, Нигери зэрэг улсуудын жишээ үүнээс харагдана.

Түүнчлэн, эх орончдоосоо гуйсан мөнгөө хугацаанд нь төлж чадахгүй бол тэр улс жинхэнээсээ “цайрчээ” гэж ойлгогдоно. Дампуурч аргаа барсан Грек Улс 2010 онд эх орончдын бонд гаргаж дэлхийн даяар тархсан 11 мянган грекчүүд 3 тэрбум евро зээлсэн. Гэвч Европын холбоо, Европын төв банк, Олон Улсын Валютын сангийн төсвийн сахилга батаа чангатгах шаардлагын дагуу зээлсэн мөнгөнийхээ 53 орчин хувийг эргүүлэн төлж, үлдсэн мөнгөө төлөх хугацаагаа 6 сараас 30 жилийн хугацаатай сунгасан байна. Өөрөөр хэлбэл, анхны бондыг нь худалдаж авсан зарим грекчүүд 2042 он хүртэл үндсэн төлбөрөө авч чадахгүйд хүрчээ.

Бид чадах уу?

Дэлхийн банкны 2013 оны цагаачдын статистикаас үзэхэд Монгол Улсын 74,847 иргэн гадаад улсад амьдарч байна. Үүнээс, БНСУ-д 27 мянга, ОХУ-д 20.5 мянга, БНХАУ-д 4.5 мянга гэсэн бол АНУ-д 195 хүн цагаачилсан гэжээ. Бодит байдалд “хараар” ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо үүнээс олон дахин их нь ойлгомжтой. АНУ-д гэхэд л 30 гаруй мянган монголчууд амьдардаг гэж дам сонсогддог. Үүнээс гадны өвөр монгол, халимаг, буриад зэрэг дэлхий даяар тархсан Монгол угсаатны тоо 10 сая гаруй ч гэх тоо байдаг.

Мөн Дэлхийн банкны статистик мэдээнээс үзэхэд гадаадад суугаа элэг нэгтнүүд маань 2014 онд 256 сая ам.доллар, 2015 оны эхний хагаст 249 сая ам.долларын гуйвуулгыг хийжээ. Мэдээж хүнээр дайсан, бэлэн мөнгөө цүнхэлж очсон гээд тооцвол энэ тоо нилээд өсөх нь дамжиггүй. Тэд олсон бүгдээ монгол руу шилжүүлдэггүй нь ойлгомжтой. Бүгд л “rainy day fund” буюу тодорхой хэмжээний хуримтлалтай, хаа нэгтэй хөрөнгө оруулсан суугаа.

Тэд бүгд л ямарваа нэг хэмжээгээр эх орноо гэж үргэлж анхаарал тавин, санаа зовж суудаг нь мэдээж. Үр хүүхэд, гэр бүлээ үлдээсэн хүмүүс байнга мөнгө гуйвуулга, хүнээр дайх замаар эх орондоо хувь нэмрээ оруулдаг бол зарим нь яаж улс орондоо туслах учраа олдоггүй. Ядаж монголоос ирдэг мэдээлэл бүр нь сөрөг байдаг тул буцаж очоод яах билээ гэсэн айдастай. Үндсэндээ монголоо гэсэн сэтгэл, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүслээ илэрхийлэх боломж, суваг нь хязгаарлагдмал байдаг.

Иймд бид гадаадад байгаа цагаачид, тэнд ажиллаж амьдарч байдаг монгол гарал угсаатай хүн бүрээс тусламж гуйж өчнөөн жил дуншсан манай улсын дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд “эх орончдын бонд”-ыг ашиглах боломжтой. Утаанаас салах зорилгоор цахилгаан, дулааны станц барих, гэр хорооллын инженерийн шугам сүлжээ тавих, төмөр зам, зэс, ган, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэх мэт дэд бүтцийн олон төслүүдэд гадаадад байгаа монгол ахан дүүсээс бага хүүтэй гуйхад болохгүй юм байхгүй шүү дээ.

Энэ бондыг заавал ч Засгийн газар гаргах албагүй. Хувийн компаниуд, Төр-хувийн хэвшлийн түншлэл бүгд гаргах боломжтой. Төлбөрийн хуваарь нь тодорхой бондын гэрээ тул магадгүй Краудфандинг хийж хөрөнгө цуглуулахаас ч амжилттай байж болох. Засгийн газраас сарын өмнө гаргасан 10.875 хувийн хүүтэй бонд шиг 500 сая.ам доллар биш юм гэхэд ядаж 100 сая ам.долларыг 6 хувийн хүүтэй гуйхад болохгүй гэх газаргүй юм. Зөрүү 4.875 хувийн хүүг нь ёстой л эх оронч сэтгэлийн төлбөр гэж бодоод Монгол Улсдаа ЗЭЭЛЭХ хүн мундахгүй олон гарах байх аа. Түүнчлэн, бонд арилжаалж эргэн төлөлт хийснээр монгол угсаатнуудтайгаа илүү ойртох, тэдэнтэй илүү үр дүнтэй харилцах боломж бүрдэнэ.

Сөрөг тал нь бонд худалдан авагчид нь ихэвчлэн хувь хүмүүс байх тул тэдэнд хүрч арилжаалахад энгийн бондоос төвөгтэй, сайтар бэлтгэл, зохион байгуулалт шаардагдана. Түүнчлэн, төслөө хэрэгжүүлж чадна, илтгэл алдахгүй тухай мэдээллийг хүргэх, сурталчлах зардал өндөртэй[5]. Цаашлаад, Нигери, Энэтхэг, Этиоп гэх мэт хүн ам олонтой улсуудын амжилттай жишээ байхаас манайх шиг хүн ам цөөтэй улс орнууд хэрэгжүүлэхэд эрсдэл өндөр юм. Маш олон улс оронд амьдарч бий их хэмжээний хувь хүмүүст хандах тул санхүүгийн технологи (fintech)-ийн шийдлийг ашиглах боломжтой. Цааш дэлгэрүүлэн танилцах, судлах, өөрийгөө сорих хүсэлтэй нэгэнд хэрэг болох юун гээд ашигласан судалгаа, материалуудыг https://drive.google.com/open?id=0B8by-hjbM31AWmthUE1Ja21qSVU линкэнд байршууллаа.

 

Алаг адуун Бямбарагчаагийн Тэлмүүн
2016 оны 4 дүгээр сарын 11

/Санал өгч, шүүмжилсэн Батзоригийн Батхүлэг, Бат-Эрдэнийн Амартүвшин нарт баярлалаа/

 

Ишилсэн материалууд

Chander, Anupam. “Diaspora Bonds.” New York University Law Review 76 (2001): 1005.

Development Finance Via Diaspora Bonds Track Record And Potential. Policy Research Working Papers. The World Bank, 2007. http://elibrary.worldbank.org/doi/abs/10.1596/1813-9450-4311.

Ketkar, Suhas L., and Dilip Ratha. “Diaspora Bonds: Tapping the Diaspora during Difficult Times.” Journal of International Commerce, Economics and Policy 01, no. 02 (October 1, 2010): 251–63. doi:10.1142/S1793993310000147.

Ketkar, Suhas, and Dilip Ratha. “New Paths to Funding.” Finance & Development 46, no. 2 (June 2009): 43–45.

 

[1] Anupam Chander, “Diaspora Bonds,” New York University Law Review 76 (2001): 1005.

[2] Development Finance Via Diaspora Bonds Track Record And Potential, Policy Research Working Papers (The World Bank, 2007), http://elibrary.worldbank.org/doi/abs/10.1596/1813-9450-4311.

[3] Chander, “Diaspora Bonds.”

[4] Suhas L. Ketkar and Dilip Ratha, “Diaspora Bonds: Tapping the Diaspora during Difficult Times,” Journal of International Commerce, Economics and Policy 01, no. 02 (October 1, 2010): 251–63, doi:10.1142/S1793993310000147.

[5] Suhas Ketkar and Dilip Ratha, “New Paths to Funding,” Finance & Development 46, no. 2 (June 2009): 43–45.

Categories: Uncategorized

Зорилгоо биелүүлж Фулбрайтын тэтгэлэгт тэнцсэн » « Төр муу менежер буюу төсвийн зөөлөн хязгаарлалт

3 Comments

  1. Нийтлэл таалагдлаа, бид яагаад оролдоод үзэж болохгүй гэж…
    Тус бондыг гаргахад хэдийгээр цаг хугацаа, хувь хүмүүст хүргэх маркетинг гээд өчнөөн олон бэрхшээл гарах боловч “хүүгийн эрсдэл”-ээ бууруулах боломж, гарц гаргалгаа байна.

  2. Hi! Saihan niitlel boljee,

    “Bid hiij chadhu?” heseg deer uuriin bodloo bichmeer sanagdlaa,
    Mongoliin huvid ene baij boloh huvilbar ch gelee amjilt ogt olohgui, yadjil oiriin heden 10 jilde amjilt olohgui bolvu gej bodoj baina,
    Yagaad iim bodolt hurev geher gadaadad tsagaachilsan mongolchuudiin too heterhii tsuun geheesee iluutei gadaadad tsagaachilsan mongolchuudiin tuhain ulsdaa ezleh amidraliin tuvshin nileen dooguur. 1990 onoos tsagaachilj ehelsen mongolchuudiin huvid ajillah erh, hel usnii chuluutei baidalaas ehleed tuhain niigemdee battai bair suuria ezleh tsag hugatsaa arai boloogui baigaa gej bodoj bna.

    Ene “eh oronchdiin bond” geh argiig heregjuulsen ulsuudiig harval goltsuu tsagaachilah erh ni heden 10 jiliin umnuus neelttei baisnaas gadna tuhain suurishsan ulsda 2 buyu tuunees deesh uyeree amidarch, niigemd bair suuria ezelsen, togtvortoi amidarch orlogo oloh nuhtsul ni burdsen humuus undestnii uzeliinhee daguu ene bondiig hudaldaj avch baisan bolvu gej bodoj bna.

    Joohon nairuulaga muutai bichchihler gehdee heleh gsn sanaag mini olj harah bh gej bodoj bn

  3. Энэ санаа тун их таалагдлаа. Зөвхөн гадаадад бдаг монголчуудаас гадна монгол угсаатан хүмүүс ч үүнд хамрагдах бх гэж бодож бна. Жижигхэн жишээ гэхэд хэдэн сарын өмнө нэг охины эмчилгээний зардалд өвөрмонголчууд нийлээд нилээн их хэмжээний мөнгө хандивласан бсан.

Leave a Reply

Your email address will not be published.

*

Copyright © 2017 Telmuun Byambaragchaa

Theme by Anders NorenUp ↑