Төр яагаад муу менежер болдог, төрийн оролцоотой компаниуд яагаад үр ашиггүй, өрсөлдөх чадвар муутай талаар бид үргэлж ярьдаг боловч учир шалтгааныг нь судалж, тайлбарлах нь ховор. Иймд уг асуудлын шалтгааныг 1979 оноос тайлбарлаж буй Унгар гаралтай Харвардын Их Сургуулийн профессор Жаанос Корнайн “Soft budget constraint” буюу төсвийн зөөлөн хязгаарлалт гэх ойлголтын зах зухаас бичлээ. Тэрбээр судалгаандаа анх социалист эдийн засгийн доголдлыг оношилсон. Гэвч энэ синдром шилжилтийн эдийн засагтай орнуудад халдварлаж, агуулга нь улам өргөжжээ. Түүнчлэн, профессор Корнай судалгаандаа Монголын талаар сонирхолтой жишээг авсан тухай дор өгүүлэх болно.

Юуны өмнө “budget constraint” буюу “төсвийн хязгаарлалт” гэх ойлголт нь аливаа өрх, байгууллага өөрийн боломжит төсөвтөө багтаан хэрхэн сонголт хийж, үйл ажиллагаа явуулдаг талаар өгүүлдэг. Энэ ойлголтыг Корнай гуай байгууллагын зан төлөв талаас “Hard & Soft” буюу “хатуу ба зөөлөн” хэмээн ангилсан. “Hard budget constraint” буюу төсвийн хатуу хязгаарлалт гэдэгт гадны (төрийн) ямар ч дэмжлэггүй, зөвхөн “мөнчгөрөөрөө” өөрийгөө болгож, хүндрэлийн өмнө “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” хувийн хэвшлийн байгууллагууд голчлон хамаардаг. Харин “soft budget constraint” буюу төсвийн зөөлөн хязгаарлалттай гэх байгууллагад хүндрэлийн өмнө хөндлөнгөөс татаас, дэмжлэг, татварын уян хатан хөнгөлөлт, чөлөөлөлт авдаг, эсхүл санхүүгийн тааламжтай эх үүсвэр, зээл татах бололцоотой, зах зээлийн үнэд нөлөөлөх чадвартай нэгнийг хамруулдаг ажээ. Энэ ангилалд дан ганц төрийн өмчит компаниуд бус, банк санхүүгийн байгууллагууд, төрийн өмчийн эмнэлэг, сургууль, алдагдлыг төвөөс санхүүжүүлдэг орон нутгийн засаг захиргаа, тэр бүү хэл донор байгууллагын тусламжинд найдсан улс орон ч хамаардаг аж.

Онолын үндсэн санаа нь төрийн болон хөндлөнгийн халамж, оролцоо нь тухайн байгууллагын төсөвт “зөөлөн хязгаарлалт” үүсгэж, улмаар үр ашигтай ажиллах сэдэл, өрсөлдөх чадвар, хөгжиж дэвших эрмэлзэл зэргийг бууруулдаг ажээ. Эсрэгээр, төсвийн хувьд хатуу хязгаарлалтай байгууллага орших, эс орших сонголтын өмнө үр ашгийн төлөө бүхнээ зориулах хандлагатай байдаг. Корнай гуайн  “синдром” гэж нэрлэсэн энэ өвчин нь эдийн засаг дах төрийн оролцоотой салшгүй хамааралтай. Түүнчлэн, синдром нь 1990-ээд оны эхэн үед Зүүн европын орнуудад зах зээлийн эдийн засаг бүтэмж муутай байгаагийн нэг шалтгаан гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компаниуд улсын халамжийн далбаан дор үр ашгийг эрхэмлэдэггүйн уршгаар нийт эдийн засагтаа “гар тормоз”-ын үүрэг гүйцэтгэдэг гэжээ[i].

Энэхүү синдром нь гурван хүчин зүйлсээс шалтгаалж бий болдог. Үүнд (i) татаас, татварын хөнгөлөлт, урамшуулал олгох төсвийн зохицуулалт, (ii) зээлийн болон төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөл (soft credit etc) олгох санхүүгийн зохицуулалт, (iii) хязгаарлалт, зөвшөөрөл, лиценз бий болгох зэрэг арга хэлбэрээр дэмжлэг үзүүлэх шууд бус захиргааны арга хэрэгсэл багтдаг аж [ii]. Түүнчлэн, эдийн засгийн аливаа хүндрэл нь улс төрчдийн өгөөш болж, ард түмнээ хамгаалах нэрээр санхүүжилт, татаас олгох (bailout), хүндрэлд орсон байгууллага цомхотгол хийхийг эсэргүүцэх, хориглох зэргээр нэр хүндээ өсгөх хэрэгсэл болгодог нь уг синдромыг хөөрөгдөх шалтгаан болдог гэжээ[iii].

Синдромын үр дагавар нэн аюултай. Байгууллагын удирдлагын түвшинд үр ашгийг чухалчлахаа болих, инноваци, шинэ технологи нэвтрүүлэх сэдэл буурах, хэрэглэгчийг бизнесийн түнш бус ашиг олох хэрэгсэл гэж үзэх зэрэг зан төлвийн (behavioral effect) сөрөг нөлөөтэй[iv]. Тухайлбал, БНХАУ-ын 200 мянга орчим байгууллагын дунд хийсэн судалгаагаар төрийн өмчийн компаниудын ашигт ажиллагаа, бүтээмж хувийн хэвшлийн компаниудаас доогуур түвшинд байгаа дүн гарчээ. 2005 онд төрийн өмчит компаниудын өөрийн хөрөнгийн өгөөж (return of equity буюу нэгж хөрөнгө оруулалтаас авах өгөөжийн харьцаа) дунджаар 6.17 хувь байхад хувийн хэвшлийнх 23.2 хувь байх жишээний[v].

Өвчнөөс зайлсхийх шийдэл нь аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн аливаа хэлбэрийн татаас, дэмжлэг, батлан даалтыг бууруулж санхүүгийн хувьд хараат бус, бие даасан болгоход анхаарлаа хандуулах юм. Үүнийг “harden the budget constraint” буюу төсвийн зөөлөн хязгаарлалтыг чангатгах гэх бөгөөд эдгээр арга хэрэгслийн ач холбогдлыг тодорхойлсон маш олон судалгаа байгааг хавсаргав. Тухайлбал, Циан, Роланд нарын 1996 оны судалгаанд БНХАУ-аас орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн нь эдгээр орон нутгийн засаг захиргаадын дунд гадаадын хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөнийг үүсгэсэн эерэг үр дүнтэй арга хэмжээ болсон гэж дүгнэжээ [vii]. Цаашлаад, Брюселийн Их Сургуулийн профессор Деватрипон, Харвардын Их Сургуулийн профессор Маскин нарын эдийн засгийн загварт төр арилжааны банк эзэмших нь тэдгээрт засгийн бодлогыг хэрэгжүүлэх ачааг давхар үүрүүлдэг болохыг дурдсан. Энэ нь тухайн байгууллагын үр ашгийг бууруулахаас гадна алдагдсан боломжийн өртөг нь нийт эдийн засагтаа сөрөг нөлөөтэй. Иймд төрийн эзэмшлийн банкыг хувьчлах нь нэн чухал гэжээ[viii]. Түүнчлэн, монополийг задлах нь зах зээлд эерэг нөлөөтэй болохыг Калифорни-Беркли Их Сургуулийн профессор Илъя Сегалын Оросын кейс дээр хийсэн судалгаа, загвар нотолдог[ix]. Цаашлаад, арилжааны банкинд төрөөс зорилтот санхүүжилт олгох, зээлийг батлан даах замаар банкуудыг хүндрэлээс гаргах (lenders of last resort) гэх мэт олон төрлийн бодлогын арга хэмжээний сөрөг нөлөөг судлаачид тэмдэглэсэн байна[x].

Гэхдээ хувьчлал хийх нь асуудлыг шийдэх хангалттай арга хэмжээ гэж андуурч болохгүйг Корнай гуай МОНГОЛ УЛСЫН жишээн дээр тайлбарлажээ. Андерсон, Ли, Муррел нарын 2000 онд хийсэн судалгаагаар манай улс дахь хувийн хэвшилд бүрэн шилжсэн аж ахуйн нэгжүүдийн 20 орчим хувь нь эдийн засаг хүндэрч, цомхотгол хийх нөхцөл бүрдвэл Засгийн газар тэдэнд тусламжийн гараа сунгана гэж найдсаар байгаа гэжээ[xi]. Өөрөөр хэлбэл, хувьд бүрэн шилжсэн ч хэн нэгэн аврагч ирж тусламжийн гараа сунгана гэж итгэсээр байдаг аж.

Тэгвэл яагаад эдийн засагт сөрөг нөлөөтэй энэхүү төсвийн зөөлөн хязгаарлалтыг чангатгах арга хэмжээ авч болдоггүй юм бэ? Энэ асуултад улс төрийн эдийн засгийн ухааны зүгээс тайлбарладаг байна. Тухайлбал, эдгээр арга хэмжээ нь улс төрчдийн хувьд маш өндөр эрсдэлтэй алхам болох тул төдийлөн хэрэгжүүлж зүрхэлдэггүй. Жоржтауны Их Сургуулийн профессор Раж Десай, Андерс Олофсгард нар уг синдромын эсрэг бодлогын шинэчлэл хийснээр (i) зардлаа танаж цомхотгол хийх эрсдэлтэй тул улс төрийн хувьд өндөр зардалтай, (ii) улс төрчдийн хувьд олон нийтийн дундах нэр хүнд нь муудаж, дахин сонгогдох магадал буурах, (iii) улс төрийн лидер нь бодлогын томоохон реформ удирдаж хэрэгжүүлэх техникийн болон удирдлагын ур чадваргүй болох нь илчлэгдэх аюултай тул улс төрчид аль болох зайлсхийдэг хэмээн дүгнэжээ[xii].

Мэдээж халамж, төрийн дэмжлэг, оролцоо, зохицуулалт бүр сөрөг үр дагавартай гэж үзэж болохгүй биз. Эдгээр нь тус бүрдээ эдийн засгийн том асуудал бөгөөд зайлшгүй чанар, эерэг талтайг үгүйсгэж болохгүй. Гэвч төсвийн зөөлөн хязгаарлалт шиг сөрөг нөлөө үргэлж дагалдаж байдгийг бодолцох шаардлагатай болов уу.

Эцэст нь ТӨР МУУ МЕНЕЖЕР гэх энэ мэт хандлагад  үзэмж, төрсөн сэтгэгдлээрээ хандах бус шинжлэх ухааны учир холбогдлыг нь судалж, сайн муу талыг нь дэнсэлж байх шаардлагатай юм. Энд бичсэн зарим зүйлс бидэнд ихээхэн ойр санагдаж болох ч нотолгоо, эх үүсвэр, учир шалтгааныг системтэй тайлбарлах талаас үргэлж учир дутагдалтай байдаг. Энэ сэдэв нь их өргөн хүрээтэй томоохон асуудал бөгөөд олон тооны судалгаа, мэдээлэл байгааг үүгээр чадан ядан тоймлолоо. Цааш дэлгэрүүлэн танилцах, судлах, өөрийгөө сорих хүсэлтэй нэгэнд хэрэг болох юун гээд ашигласан судалгаа, материалуудыг https://drive.google.com/folderview?id=0B8by-hjbM31AaG1WOU9XVF93WDQ&usp=sharing линкэнд байршууллаа.

 

Алаг адуун Бямбарагчаагийн Тэлмүүн

2016 оны 2 дугаар сарын 27

/Санал өгч, шүүмжилсэн Батбаярын Идэр, Бат-Эрдэнийн Хосбаяр нарт баярлалаа/

 Ишилсэн материалууд

[i] János Kornai, “Hardening the Budget Constraint: The Experience of the Post-Socialist Countries,” European Economic Review 45, no. 9 (October 2001): 1573–99, doi:10.1016/S0014-2921(01)00100-3.

[ii] János Kornai, Eric Maskin, and Gérard Roland, “Understanding the Soft Budget Constraint,” Journal of Economic Literature 41, no. 4 (2003): 1095–1136.

[iii] Kornai, “Hardening the Budget Constraint.”

[iv] Kornai, Maskin, and Roland, “Understanding the Soft Budget Constraint.”

[v] Shaomin Li, Ying Chou Lin, and David D. Selover, “Chinese State-Owned Enterprises: Are They Inefficient?,” Chinese Economy 47, no. 5–6 (September 2014): 81–115, doi:http://mesharpe.metapress.com/openurl.asp?genre=journal&issn=1097-1475.

[vi] Tomoe Moore, “Soft Budget Constraints in EU Transition Economy Enterprises,” International Finance 12, no. 3 (2009): 411–30, doi:10.1111/%28ISSN%291468-2362/issues.

[vii] Yingyi Qian and Gerard Roland, “The Soft Budget Constraint in China,” Japan and the World Economy 8, no. 2 (June 1996): 207–23, doi:http://www.sciencedirect.com/science/journal/09221425.

[viii] M. Dewatripont and E. Maskin, “Credit and Efficiency in Centralized and Decentralized Economies,” The Review of Economic Studies 62, no. 4 (1995): 541–55, doi:10.2307/2298076.

[ix] Ilya R. Segal, “Monopoly and Soft Budget Constraint,” The RAND Journal of Economics 29, no. 3 (1998): 596–609, doi:10.2307/2556106.

[x] Erik Berglöf and Gérard Roland, “Bank Restructuring and Soft Budget Constraints in Financial Transition,” Journal of the Japanese and International Economies 9, no. 4 (December 1995): 354–75, doi:10.1006/jjie.1995.1022.

[xi] Jh Anderson, Y Lee, and P Murrell, “Competition and Privatization amidst Weak Institutions: Evidence from Mongolia,” Economic Inquiry 38, no. 4 (October 1, 2000): 527–49, doi:10.1111/j.1465-7295.2000.tb00034.x.

[xii] Raj M. Desai and Anders Olofsgård, “The Political Advantage of Soft Budget Constraints,” European Journal of Political Economy 22, no. 2 (June 2006): 370–87, doi:10.1016/j.ejpoleco.2005.09.011.