Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард 2016 оны Дэлхийн эдийн засгийн чуулганы салбар хуралдааны үеэр арван жилийн дараа цаасан мөнгө хэрэглээнээс гарна гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Хуралдааны сэдэв нь “Transformation of Finance: Fintech” буюу санхүүгийн салбар хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай аж.

Технологийн хувьсгал бидний амьдралын алхам бүр нэвт шингэлээ. Софтвэйр инженерүүд уламжлалт зах зээлүүдийг нэг нэгээр нь булааж байна. Бүхий л салбар энэ шуурганы ард үлдэхгүйн тулд мэдээллийн технологид хөрөнгө хаяхаас өөр сонголтгүй болжээ. Өөрийн гэсэн унаагүй Uber таксины, үх хөдлөх хөрөнгөгүй Airbnb буудлын үйлчилгээг, дэлгүүргүй Amazon, Alibaba, Ebay худалдааны салбарыг гэхчлэн “технологийн шуурга”-нд өртөж буй зах зээлийн жагсаалт дуусахгүй. Удахгүй автомашины зах зээл нуман тулгуурт орох төлөвтэй. Дотоод шаталтад хөдөлгүүр, тахир, шулуун гол, түмэн янзын механикаас бүрдэх автомашиныг ухаан нь хэтийдсэн програмын хүчээр халах цаг тун ойртож. Энэ хувьслын шуурга САНХҮҮГИЙН салбарыг ч тойрсонгүйг хатагтай Лагард сануулсан гэлтэй.

Санхүүгийн уламжлалт үйлчилгээнүүд моодноос гарч эхэлжээ. Төлбөр тооцоо, зээл, даатгал, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ, брокер гээд бүх талбарт технологийн дэвшил нэвт шингэж өртөг багатай, алдаагүй, хэрэглэхэд хялбар болгон өөрчлөгдөж байна. Энэхүү хувьслыг FINTECH буюу махчилбал санхүүгийн технологи хэмээн нэршжээ. Зөвхөн 2015 онд Fintech-д нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн нь Монгол Улсын ДНБ-тэй тэнцүү байгаа юм. Бэлэн мөнгө нь хөрвөх чадвар (liquidity) муутайгаас гадна авч явах, хадгалахад хүндрэлтэй, зардалтай тул хэтэвч хүртэл цахимжиж, бүх төлбөр тооцоо, гүйлгээ, санхүүгийн үйлчилгээг хямд, хялбар арга замаар хүссэн газарт тань үзүүлэх өгөх програм, платформын тоо “гэрлийн хурд”-аар нэмэгдэж байна.

Финтект хийгдэж буй хөрөнгө оруулалт, тэдгээрийн орлого маш эрчимтэй өсч байна. Сүүлийн 2 жилд 23.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Финтекийн компаниуд татжээ. Санхүүгийн зах зээлийн мангасуудын нэг Голдман Сакс банк ойрын жилүүдэд тус компани орлогоос 4.7 их наяд, ашгаас 470 тэрбум ам.долларыг финтекийн компаниудад алдах төлөвтэй хэмээн мэдэгдсэн байна (Aspan, 2015). WePay гэх цахим төлбөр тооцоо, краудфандингийн тэргүүлэх компани 2014 онд 24.9 сая ам.долларын орлого, БНХАУ-д хүчээ авч буй Zestfinance гэх зээл авах боломжгүй хүмүүст хэрэглээний зээл олгодог, компани 2014 онд 51 сая ам.долларын тус тус орлоготой ажиллажээ. Lending club гэх Финтек компани 2015 оны эхний хагасын байдлаар нийт 11.1 тэрбум ам.долларын зээлийг цахим платформоороо (peer2peer lending) олгож. WorldRemit гэх цахим төлбөр тооцоо, гүйлгээний компанийг үүсгэн байгуулагч Ахмед гэх эрхэм өдгөө нийт 586 тэрбум ам.долларын гүйлгээг 120 гаруй улс хооронд маш хямд зардлаар, хурдан гүйцэтгэж байна.

Товчхондоо, компаниуд Lending Club, On-Deck, Kabbage-аас богино хугацаанд зээл авч, Kickstarter, Indiegogo, CircleUp-аар хөрөнгө босгож, Square, Stripe, WePay, PayPal зэргээр төлбөр тооцоогоо гүйцэтгэж, Betterment, WealthFront-ийн тусламжтай мөнгөн хөрөнгөө удирдах болжээ. Тэр бүү хэл, digital currency, cryptocurrency, bitcoin гэх цоо шинэ төлбөрийн хэрэгсэл гараад байна.

Зах зээлээ том зургаар харвал Финтек нь банк, санхүүгийн байгууллагуудыг гүйцэх болоогүй нь тодорхой. Lending Club-ийн олгоод буй 9 тэрбум ам.долларын зээл АНУ-ын зээлийн картын 885 тэрбум ам.долларын эргэлтийн өчүүхэн хэсгийг эзэлж байна (“The fintech revolution,” 2015). Нийт 15 их наяд ам.долларын хөрөнгийг удирддаг асар хүчирхэг дэлхийн топ 5 банк гэхэд л Финтекийн компаниудыг залгин, өөртөө нэгтгээд явах бүрэн боломжтой (Hart, 2015). Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын уламжлалт тоглогчид дэндүү нөлөөтэй, хүчирхэг байдаг нь Финтекийн бодит эрсдэл юм.

Дэлхийн 2008 оны санхүүгийн хямралын улмаас банк, санхүүгийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл буурч, ажилгүйдэл ихэссэн нь Финтекийн хөгжил эрчимжих үндсэн нөхцөл нь байлаа. Хямралын улмаас 8.7 сая америк хүн ажилгүй болсон бөгөөд боловсролтой, туршлагатай хэсэг нь Финтек хэмээх шинэ салбар луу дүрвэсэн нь шинээр олон тооны стартап компаниуд үүсэх урьтач нөхцөл болжээ. Энэ дунд бусдаас илүү сэтгэж, хөдөлмөрлөж, аз ёндой нь таарсан старт-ап бизнесмэнүүд эхнээсээ тэргүүн баячуудын эгнээнд ороод байна. Түүнчлэн, хямралын дараа дүрэм, журам, шаардлага чангарсан нь банк, санхүүгийн байгуулагуудын зардлыг нэмэгдүүлж, инновацид оруулах хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн нь старт-апууд олноор үүсэх нөхцөл болсон байна. (Arner, Barberis, & Buckley, 2015). Нөгөөтэйгүүр, ажлын байр нэмэгдүүлэх, шинэ компаниудыг дэмжих зорилгоор батлагдсан 2012 оны Jump Start Our Business (JOBS) зэрэг хууль тогтоомжууд старт-ап компаниудыг их хэмжээгээр байгуулагдах шалтгаан болжээ.

Финтекийн хувьслын томоохон давалгаа зөвхөн баруунд бус Африк, Ази тивд эрчтэй өрнөж байна. Дэлхийн дундаж давхаргын хүн амын нийт 60 хувь байрладаг энэ бүс нутагт санхүүгийн зах зээл нь үр ашиг муутай, дэд бүтэц харьцангуй сул (банкны дансгүй 1.2 тэрбум хүн) зэрэг давуу тал байгаа нь Финтекийг хөгжүүлэх үржил шимтэй хөрс гэлтэй. Ази, Африкийн эдийн засгийн хөгжлийн нэг гол зүтгүүр нь Финтек байна гэж зарим судлаачид үзээд эхэлж (Arner et al., 2015). Кени, Танзани улсад төлбөр, гуйвуулга, халамж, цалингаа авахдаа цахим мөнгөний системүүдийг эрчимтэй ашиглаад эхэлжээ. M-Pesa гэх Кенийн гар утасны апп улсынхаа ДНБ-ий 43 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн байх юм.

Финтектэй холбоотой мэдээллийн нууцлал, хэрэглэгчийг баталгаажуулах гэх зэрэг эрх зүйн зохицуулалттай холбогдолтой олон асуудал шийдлээ хүлээж байна. Гэвч эрх зүй нь өөрөө технологийн хөгжлийг сөрж бус, хөтлөгдөж хувьсах нь дамжиггүй. Тэр ч бүү хэл, технологийн шуурганы дараагийн талбар нь эрх зүйн салбарт хийгдэж болзошгүй тухай RegTech гэх нэршил ч гарчээ.

Бид ч юугаараа хоцрох юм. Мобайл банк, цахим банк гээд  технологийн дэвшлийг ашиглаж байгаа ч маш хурдтай эргэж буй Финтекийн зах зээлд хөтлөгдөх зайлшгүй шаардлагатай байна. Технологийн дэвшилд боломжгүй зүйл, хязгаар гэж үгүй болсон байна. Өнөөдөр зөвхөн санхүүгийн салбарыг хөндсөн болохоос технологийн шуурганд өртөөгүй, өртөх боломжгүй салбар гэж үгүй болжээ. Үүний тулд ирээдүйд хамгийн эрэлттэй софтвэйр инженерүүдийг маш олноор бэлтгэх нь чухал байна. Ерөнхий боловсролын сургалтанд ч оруулах нь зүйтэй болов уу.

Ашигласан, сонирхолтой санагдсан судалгааны материалуудыг https://drive.google.com/folderview?id=0B8by-hjbM31AQ2ItazhnZUpsaEE&usp=sharing линкэнд байршууллаа. Сонирхсон нь үзэж танилцаад, судлана биз.

 

Алаг адуун Бямбарагчаагийн Тэлмүүн

2016 оны 2 дугаар сарын 5

/Санал өгч, шүүмжилсэн  Ганзоригийн Лувсанжамц найздаа баярлалаа/

Ишлэсэн материал:

Arner, D. W., Barberis, J. N., & Buckley, R. P. (2015). The Evolution of Fintech: A New Post-Crisis Paradigm? (SSRN Scholarly Paper No. ID 2676553). Rochester, NY: Social Science Research Network. Retrieved from http://papers.ssrn.com/abstract=2676553

Aspan, M. (2015, August 12). Why Fintech Is One of the Most Promising Industries of 2015. Retrieved February 4, 2016, from http://www.inc.com/magazine/201509/maria-aspan/2015-inc5000-fintech-finally-lifts-off.html

Hart, P. (2015, July 8). Banks Are Right To Be Afraid of the FinTech Boom. Time. Retrieved from http://time.com/3949469/financial-technology-boom/

The fintech revolution. (2015, May 9). The Economist. Retrieved from http://www.economist.com.proxy.library.cornell.edu/news/leaders/21650546-wave-startups-changing-financefor-better-fintech-revolution