Telmuun Byambaragchaa

Эшлэл

Нэлээд хэд хоногийн өмнө дарж өгсөн зургийг Колумб гаралтай найз маань “нүүр ном”-ндоо тавьжээ. Ингэхдээ тодоос тод “Photo courtesy of Telmuun” буюу утгачилбал “зураг дарсан Тэлмүүнд талархлаа” гэж бичиж. Нээрээ ч энэ гоё зургийг би дарсан шүү дээ гэж бодохоос өөртөө, талархал илэрхийлсэн найздаа баярлаад амжив. За цаашлаад сургуулийн “нүүр ном”-ыг үзтэл хэн нэгний дарсан зургийг заавал нэрийг нь дурдаж ашигладаг аж. Үндсэндээ обьект нь хэчнээн гоё, сайхан байлаа ч аятайхан дараад өгөх хүн үгүй бол тухайн зураг байхгүй гэсэн санаа. Иймд тухайн зургийг дарсан хүний оюуны бүтээл гэж үзэж байнга эшилж талархлаа илэрхийлдэг ажээ. Ер нь өөрийн мундагтаа гоё зураг даруулсан юм шиг гайхуулж, авсан хүнээ дурдахгүй өнгөрөх нь бүдүүлэг биш гэж үү.

Бусдын бүтээлийг нэр дурдахгүйгээр ашиглахыг хулгай гэж үзэн, ноцтой гэмт хэрэгт тооцдог. Сургуулийн орчинд бол алхам тутам сануулж анхааруулна. Зөрчвөл хөөх хүртэл арга хэмжээ авна. Тэр байтугай өөрийнхөө өмнө бичсэн зүйлийг дахин ашиглах бол үүнийгээ заавал дурдах ёстой, эс тэгвээс мөн адил хулгай гэж үздэг гэнэ. Товчхондоо оюуны өмч, оюуны бүтээлийг дээд зэргээр хүндэтгэдэг аж.

ХБНГУ-ын Боловсролын сайд асан Аннет Шаван (Annette Schavan) өөрийн 30 гаруй жилийн өмнө бичсэн докторын диссертацийн ажилдаа бусдын бүтээлийг эшлэлгүй ашигласан (plagiarism) нь 2012 онд тогтоогдож, докторын зэргээ хураалган, улмаар сайдын суудлаас огцорсон байдаг. Мөн Унгарын Ерөнхийлөгч Пал Шмит (Pal Schmitt) 1992 онд бичсэн докторын диссертацийн ажилдаа бусдын оюуны өмчийг “хулгайлсан” нь илэрч, 2012 оны 1 сард огцорсон. Тэр ч байтугай, өнгөрсөн онд Дели хотын Их сургуулийн дэд ерөнхийлөгч 63 настай Дипак Пентал (Deepak Pental) 10 жилийн өмнө өөр нэгэн профессорын ажлыг зөвшөөрөлгүй, эшлэлгүйгээр ашигласан нь тогтоогдож шоронд хүртэл хоригдсон байх юм. Энэ мэт жишээ урлаг, уран зохиол, шинжлэх ухаан, улс төр гээд бүхий л салбарт хэдэн зуугаараа. Ял авахгүй, албан тушаалаасаа огцордоггүй юм аа гэхэд хулгай хийгчдийн нэр хүнд шалдаа бууж, карьер нь дуусаа.

Эсрэгээрээ, оюуны бүтээлийг тань хүндэтгэн хамгаалах тул шинэ санаа, санаачилга, бүтээл гаргах сэдэл өндөр. Товчхондоо, оюуны бүтээл эрхлэх үнэнхүү урамтай, хүндлэлтэй ажил бөгөөд хүнд хэрэгтэй, өгөөжтэй зүйл сэдсэн бол танд ашиг орлого, урамшуулал, нэр хүндийг нь шударгаар олгодог ажээ. Ер нь толгойгоо ажиллуулдаг хүнийг дэмжихгүй бол яаж ч нийтээрээ урагш алхах вэ дээ. Алхах байтугай байрандаа эргэлдэх зуур өрсөлдөгчид тань тасраад алга болох биз.

Бид хаана явна вэ? Залуу хүн учир муу муухайг тоочих, хоосон шүүмжлэх, баалахыг хүссэнгүй. Гэхдээ материаллаг өмчийг л бид анхаарч, оюуны өмчийг огоороод байгаа мэт. Мэдээллийн хэрэгсэл, нийтлэл, ярилцлага, сурвалжилга үзвэл хаа сайгүй судлаачид тэгж үзжээ…, судалгаанаас үзэхэд…, за бүр цаашилбал олон улсад ийм, тийм байдаг гэх эх үүсвэр нь тодорхой бус, үнэн худал нь мэдэгдэхгүй үгс. Цаашлаад хууль зөрчсөн гэдэг хэллэг байна. Харамсалтай нь яг ямар хуулийн ямар заалтыг яаж зөрчиж байгааг хэлдэг хүн байхгүй. Зүгээр л санагдсанаа, төрсөн сэтгэгдлээ “өөх”-нд хавчуулж байгаа мэт.

“Source credibility” буюу махчилбал “эх үүсвэрийн баталгаатай байдал” гэж ойлголт байх. Санаа нь хамаа намаагүй юмыг баримт болгож битгий ашигла гэх. Олны танил, нэр хүндтэй хүн юу ч ярьсан итгэл үнэмшилтэй санагддаг парадокс байдаг. Манайд зарим хүмүүс бүхнийг мэдэгч шиг аашилдаг нь энэ парадоксоор тоглоод байгаа хэрэг. Өдөр тутмын амьдралд хамгийн ойрын жишээ гэвэл Wikipedia-г хэзээ ч “credible source” гэж үздэггүй. Микро эдийн засгийн хичээлийн сүүлийн даалгаварт Wikipedia хуудсанд байгаа график, текстийн алдааг олж, тайлбарлах байлаа. Юм л бол Wikipedia ордог байснаа бодоход шоглоомтой ч юм шиг.

Эцэст нь эрхэм уншигчид минь ээ, бусдын санаа, бүтээлийг ашиглах бол эх үүсвэрийг нь дурдаж, тэдний хөдөлмөрийг хүндэтгэж, тэднийг бусдад түгээж, бие биедээ талархацгааж байя. “Plagiarism”, оюуны өмчийн хулгай бол тусдаа том асуудал. Бидний өдөр тутам хийж чадах хамгийн энгийн зүйл бол ядахнаа зураг авсан хүнээ дурдаж талархал илэрхийлэхээс эхэлцгээе. Өгсөн авсандаа гарзгүй, үүнээс сайхан соёл гэж юу байхав.

Амжилт хүсье.

Алаг Адуун Бямбарагчаагийн ТЭЛМҮҮН

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

/Санал, шүүмж өгсөн Долингорын Ганзориг найздаа баярлалаа/

Categories: Uncategorized

Мөнгө босгох амархан буюу Краудфандинг » « Хавх руу зүглэх омголон чоно

3 Comments

  1. Tiim shuu. tsaashid anhaarnaa

  2. Ишлэл гэдэг маш чухал, ойлгомжтой өгүүлжээ найз .

  3. Тэр болгон Монголчуудын анхаараад байдаггүй, жижиг мэт боловч асар том сэдвийн талаар их тодорхой ойлгомжтой бичжээ. Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.

*

Copyright © 2017 Telmuun Byambaragchaa

Theme by Anders NorenUp ↑