Эдийн засагч Д.Түвшинжаргал, П.Авралт-Од нарын “The Wolf Economy and Natural Resource Trap” буюу “Чоно эдийн засаг ба байгалийн баялгийн хавх” хэмээх ихээхэн сонирхолтой, ач холбогдол өндөртэй судалгааны бүтээл “Journal of Economics, Business and Management” сэтгүүлийн 2015 оны 8 дугаар сарын дугаарт нийтлэгджээ. Товчхондоо нэгэн үе “чоно” хэмээгдэн агсаж явсан “цээж өвчтэй” эдийн засаг маань байгалийн баялаг хэмээх хавхтай замаар давхиж явааг онцолж, удахгүй хавханд орж болзошгүй талаар анхааруулга, санал дэвшүүлсэн байна.

Уг нийтлэл манайдаа л хамгийн халуун сэдэв уул уурхай, баялгийн хараалыг хөндсөнөөр онцлог. Энэ талаар ярихгүй хүн байхгүй боловч яг түүний шинж тэмдэг, зүй тогтлыг тайлбарлаж байгаа нь цөөн тул уг материалын гол санааг энгийн ойлгомжтой хэлбэрээр сийрүүлэн хүргэхээр зорилоо.

Судалгааны үндсэн санаа нь “чоно эдийн засаг” гэгдэж, удахгүй Азийн бар болох тухай 2011 онд “CNN”-ий гаргасан таамаглалыг ёжлон “гэнэт баяжсан омголон чоно байгалийн баялгийн хавханд орохоор айсуй” тухай аж. Улмаар (i) байгалийн баялгаас хараат байдал урт хугацаанд ямар үр дагавар авчрах, (ii) эдийн засаг, хөгжлийн талаар орчин үеийн онолын талаас байгалийн баялгийн хараал, эсхүл ерөөлийн ямар шинж тэмдэг Монгол Улсад илэрч байгаа зэрэгт хариулт олохоор зорьжээ.

Том зургаар авч үзвэл эрдсийн үнэ өсөхөд баялаг ихтэй улсуудын эдийн засагт БОГИНО хугацааны өсөлт ажиглагддаг боловч урт хугацаанд улс төр, эдийн засгийн хүндрэл (хавх)-д орох нь түгээмэл аж. Газрын тосоор баян орнууд 1970-аад оны үед үнийн өсөлтөөс олсон газрын тосны их хэмжээний нэмэлт орлогоо дотооддоо хөрөнгө оруулах (дэд бүтэц, хүнд үйлдвэрлэл гэх мэт) замаар эдийн засагтаа шингээсэн нь урт хугацаанд сөрөг үр дагавар авчирсан байдаг. Судлаачид энэхүү жишээг уул уурхайн “гэнэтийн ашиг”-аа Хүний хөгжил сангаар дамжуулан хөрөнгө оруулалт, халамж хэлбэрээр дотоодын эдийн засагт шингээсэн манай улсын туршлагатай харьцуулж, бусад улсуудын адил урт хугацаанд эдийн засгийн хүндрэлд хүрэх таамаглал дэвшүүлжээ. Д.Түвшинжаргал, П.Авралт-Од нар нь энэхүү таамаглалаа цааш Голланд өвчний шинж тэмдгүүд, засаглалын чадавхаас шалтгаалан гарах ажиллах хүчний шилжилт, rent-seeking (өөрт ашигтай шийдвэр гаргуулах замаар аливаа баялгийн үр ашгийг нэг тал дангаар хүртэхийг эрмэлзэх) зэрэг ойлголтоор баяжуулан судалжээ.

Баялгийн хараалын нэг суваг Голланд өвчин гэж юу вэ? Товчхондоо, багтаамжаас хэтийдсэн орлого эдийн засагт цутгагдахад дотоодын мөнгөн тэмдэгтийн бодит ханш чангарч, улмаар экспортын бусад салбарын өрсөлдөх чадвар буурдаг. Жишээлбэл, уул уурхайн орлогоос шалтгаалан “гэнэт баяжсан” төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,000-аас 1,000 болж буурахад өмнө нь 1 сая ам.долларын экспорт хийдэг байсан иргэний бодит орлого хоёр дахин багасч, тэр хэрээр өрсөлдөх чадвар нь суларна. Эсрэгээрээ худалдааны бус, импортоос хамааралтай салбаруудын орлого уул уурхайг дагаад өсч, сэргээд ирнэ. Энэ тохиолдолд өрсөлдөх чадвар буурсан мал аж ахуй, газар тариалан, аж үйлдвэр зэрэг салбарыг хамгаалах бодлого хэрэгжүүлэхгүй тохиолдолд, нэгэнт өрсөлдөх чадвараа алдсан эдгээр салбар зогсонги байдалд ордог. Ийнхүү эдийн засгийн зохистой бүтэц алдагдсанаар нэг л өдөр баялгийн үнэ унахад эдийн засгийн бүх сектор уналтанд орохыг Голланд өвчин гэж тоймлон ойлгож болно. Үүнээс үзэхэд дотоодын мөнгөн тэмдэгтийн бодит ханш чангарах нь Голланд өвчний чухал хам шинж ажээ. Судалгаанд дурдсанаар, 2005-2011 оны хооронд дээрх шинж тэмдэг ажиглагдаж, газар тариалангийн салбарын үйлдвэрлэл 30 хувиас 15.8 хувь болтлоо буурч байж. “Атрын 3 дугаар аян” бодлогын хүрээнд уг үзүүлэлт дээшилсэн боловч, 2010 оны зуднаар мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэл 17 хувиар буурсан нь Нигери Улсад илэрч байсан Голланд өвчний шинж тэмдэгтэй төстэй жишээ ажээ. Энэ мэтчлэн Голланд өвчний нөхцөл байдлууд Монголд илэрсэн талаар судалгаанд нарийвчлан дурьдагдсан байна.

Баялгийн хараалын хоёр дах шинж тэмдэг нь засаглалтай холбоотой. Судалгаанд дурьдагдсан эх сурвалжуудад тэмдэглэснээр засаглал муу хөгжсөн орнуудад байгалийн баялгаас олох их хэмжээний орлого нь rent-seeking болон ажиллах хүчний хүчний зүй бус шилжилт хөдөлгөөнийг үүсгэдэг байна. Судлаачид энэхүү таамаглалаа “Voracity” буюу үгчилбэл “ховдог, шунахай” гэх загвар ашиглан тайлбарлажээ. Энэхүү загвар нь 1970 оны нефтийн үнийн өсөлт Норвеги, Нигери, Мексик, Венесуэл зэрэг улсуудад хэрхэн нөлөө үзүүлсэнийг засаглалын чадвартай холбон тайлбарладаг аж. Баялгийн хараалд өртсөн Нигери, Венесуэл зэрэг орнуудын жишээнээс үзэхэд томоохон орд илрэх, эсхүл эрдэс бүтээгдэхүүний үнэ өсөх үед Засгийн газар нь уул уурхайн салбарт дахь төрийн оролцоог шууд ба шууд бус замаар нэмэгдүүлж иржээ. Тухайлбал, уул уурхайн татвар нэмэгдүүлэх, эсхүл уул уурхайн компаний хувь хүртэх хэлбэрээр !!!

Монгол Улсын засаглалын чадавхийн үзүүлэлт 2005 онд 66.06 хувь байгаа нь 1985 оны Венесуэл, Мексик, Нигери, Ботсвана, Чили зэрэг улстай ижил түвшинд гэсэн үг. Эдгээрээс сүүлийн хоёр улс нь баялгийн хараалд өртөөгүй тул учир шалтгааныг нарийвчлан судлахад авлига, хөрөнгө оруулалтын орчин, гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ мөрдөх, хэрэгжүүлэх зэрэг үзүүлэлтээр Норвеги, Ботсван Улс манайхаас хавьгүй өндөрт байгаа аж. Үүнд манай хоёр том намын өрсөлдөөн нөлөө үзүүлж байна хэмээн таамаглан Монгол Улс “Voracity” загвараар замнаж байна хэмээн дүгнэжээ. Энэхүү дүгнэлтээ уул уурхайгаас олсон гэнэтийн ашгийг даган төрийн албан хаагчийн цалинг нэмэгдүүлсэн, бэлэн мөнгө тараасан, халамж нэмэгдүүлсэн болон 2008 оны сонгуулийн дараах үймээн зэргээр нотолж, баялгийн хараалын шинж тэмдэг хэмээн тайлбарлажээ.

Мөн түүнчлэн, эдийн засгийн бүтцийг хадгалах чухал нөлөөтэй аж үйлдвэр зэрэг салбарын мэргэжилтэй боловсон хүчин уул уурхай руу их хэмжээгээр хошуурах болсон нь баялгийн хараалд хүрэх нэг суваг гэж онцолсон байна. Уул уурхайн бүтээгдэхүүний богино хугацааны үнийн өсөлтөөс шалтгаалан 2011 онд манай улсын нийт хөрөнгө оруулалтын 62 хувь нь тус салбарт хийгджээ. Энэхүү өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг дагаж ажиллах хүчнийг урвуулан татсан нь засаглалын чадавх сул байгаагийн нэг илрэл гэжээ.

Ийнхүү засаглалын чадавх сул байгаагийн үр дүнд эдийн засаг нэг салбараас хэт хамааралтай болж ирсэн нь баялгийн хараалд хүрсэний томоохон шинж тэмдэг аж. Олон Улсын Валютын сангийн 2011 онд хийсэн судалгаагаар манай улсын арилжааны банкууд уул уурхайн гэх нэг салбар болон цөөн тооны томоохон зээлдэгчдээс ихээхэн хамааралтай байгаа нь улсын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ.

Эцсийн бүлэгт базаад хэлэхэд, засаглалын чадавхийг сайжруулаагүй тохиолдолд хурдтай нь аргагүй давхиж явсан чоно эдийн засаг маань байгалийн баялаг хэмээх хавханд ороход ойрхон байгааг уг судалгаа харуулжээ.

Судалгааг үзэх холбоос: http://www.joebm.com/papers/291-E10019.pdf

Амжилт хүсье.

Алаг Адуун Бямбарагчаагийн ТЭЛМҮҮН

2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Жич: Голланд өвчний шинэ тэмдэг ёсоор төгрөгийн бодит ханш чангарах ёстой атал эсрэгээрээ сүүлийн 3 жилд суларч байгаа тул өнөөгийн байдлаар манай улс Голланд өвчин  тусчихаагүй байна гэх таамаглал дэвшүүлж болмоор. Харин баялгийн хараалын засаглалын чадавхитай холбоотой суваг нь манай улсад нөлөөлж байж болзошгүй тул энэ чиглэлээр цаашид нарийвчлан судлан, дүгнэлт гаргах нь чухал ач холбогдолтой болно. 

/Санал, шүүмж өгсөн Пүрэвжавын Авралт-Од, Бат-Эрдэнийн Танан нарт баярлалаа./