Telmuun Byambaragchaa

Төрийн алба сайхан

Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ. 

Цагаан дээр хараар уншихад энэ үг онц сэтгэгдэл төрүүлдэггүй байж магад, олон ч хүн анзаарч уншиж байгаагүй байх. Харин төрийн далбаандаа мөргөн адис аваад, чанга дуугаар ТАНГАРАГЛАЯ гэж хэлээд зогсох нь гайхамшигтай мэдрэмж, насан туршийн дурсамж. 2000 гаруй жилийн уламжлалтай Монгол төрийн жинхэнэ албан хаагч боллоо гэдэг энэ сэтгэгдэлийн хамт өндөр нэр төр, хариуцлага ирж байгааг эрхгүй мэдэрнэ.

Төрийн албан хаагч хэзээ ч магтаал сонсдоггүй байтал олон хүн хошуурцгаах нь сонин. Байнга л авлигач, хүнд сурталтан, мэргэшээгүй, ар өврийн хаалгаар орж гарсан гэхчлэн муугаар л цоллуулна. Хүнд гарууд ч байдаг л даа. Гэхдээ цөөн үхрийн доргисон эврээр сүргийг тэр чигт нь харлуулж болохгүй биз. Цаана чинь өч төчнөөн үнэнч, ёс зүйгээ баримталдаг, мэргэшсэн улсууд ажиллаж байдаг. Энэ албаны зах зухаас гадарлахын хувьд өчүүхэн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо.

Тэд бага цалинтай боловч ажил ихтэй, шөнө оройгүй сууна. Зарим үед гэртээ хоноц. Ажлынхаа ачааллаас болоод ганц бие хүмүүс ч нилээд. Болзооноосоо ажилдаа гэнэт дуудагдаад хаягдах залуус ч бий. Ямар сайндаа л өрх толгойлсон эх шиг л амьдрах юм гэж гомдоллож байхыг төрийн албан хаагчийн гэргийн амнаас сонсож байхав. Тэглээ гээд ажын ачааллын талаар тэд ХЭЗЭЭ Ч ГОМДОЛДОГГҮЙ. Төрд ажиллах сайхан учраас.

Энэ алба хүнийг хүмүүжүүлдэг. Захирах, захирагдах, хууль дээдлэх ёсыг алхам тутам шаардана. Ёсыг дагахгүй бол удаан тэсэхгүй. Ялангуяа ажлын арга барилаа олж байгаа залуучуудад энэ хүмүүжил чухал ач холбогдолтой гэж боддог. Амралтын өдрийн орой яаралтай дуудагдаж очихдоо огт төвөгшөөлгүй, санаа зовнин яардаг хүмүүжлийг нэг л мэдэхэд авсан байдаг. Ихэнх үе яг л тушаалаар ажиллаж байгаа цэрэг хүн шиг санагддана. Зарим хүн үгүй гэж маргах байх. Бүх байгууллага, хамт олон ийм биш л дээ. Байгууллагын соёл нь тогтоогүй, ажилчид нь мэргэшээгүй, шилжилт хөдөлгөөн ихтэй газрууд мэдээж байдаг. Гэхдээ ажилдаа ингэж ханддаг олон зуун залуустай хамтран ажиллаж байсны хувьд бардам хэлж байгаа юм.

Төрийн алба хүнийг даруу төлөв болгодог. Нэрийг нь сонсохоос сүрдэм байгууллагад анх ороход эрхэлсэн ажлын сүрээр сагсуурах сэдэл эхэндээ маргаангүй төрнө. Яваандаа чадварлаг ах, эгч нарт, ажлын ачаалал, хариуцлагадаа нухлагдаад ирэхээр даруу болохоос аргагүй. Ажлын онцлог нь тэднийг хүний үгийг сонсож, тэвчээртэй байж, бодож ярихад сургадаг юм шиг. Дийлэнх төрийн албан хаагчид яг л ийм. Улс төрийн, намын, даргын томилсон, шахааны гэгдэх цөөн хүмүүс дээр хэлсэнтэй дүйхгүй байх тохиолдол бий л байх. Би тэдгээрийг бус мэргэшсэн төрийн албан хаагчдыг ярьж байгааг болгооно биз ээ.

Эх орон, ард түмэндээ хэрэгтэй зүйл хийж байгаа гэдэг итгэл үнэмшлээс илүү бахархууштай ажил байх уу. Чиний нойр, хоолоо умартан, оюунаа чилээн байж хийсэн ажлын үр дүн Монгол Улсад, олон нийтэд нөлөөлнө гэж бодохоор сүрдмээр, сайн зүйл хийсэн бол бас бахадмаар. Олон сар, өдөр шөнөгүй боловсруулсан хууль шийдвэрийн төслөө батлуулчихаад чин сэтгэлээсээ баярлаж, жаргалтай нь аргагүй инээмсэглэж байгаа төрийн албан хаагчдыг харах сайхан. Бусдад нэг ч гэсэн хэрэгтэй юм хийлээ гээд тэр шүү дээ.

Маш олон чадварлаг, мэргэшсэн төрийн албан хаагчид өндөр цалинтай ажлын санал авч байхыг харлаа. Тэрхүү саналуудыг хүлээн авч ажлаа солих нь цөөнгүй. Гэвч дийлэнх нь тангараг өргөсөн ажлаа яаж дундаас нь хаяад явах вэ гэдэг сэтгэлээр ажилдаа үлдэх сонголтыг хийдэг. Нойр хоол, хамаг эрч хүчээ барж хийсэн ажлаа өндөр цалин, хангамжаар солих чанар ихэнх төрийн албан хаагчдад байдаггүй юм шүү. Энэ мэт төрийн албаны сайн мууг дурдаад байвал олон нүүр дүүрэх тул зогсъё.

Төрийн албанд орох сонирхолтой гэгдэх залуус гадаадад сургуульд суралцах гарц олох, танилын хүрээгээ тэлэх, улс төрд орох, албан тушаалаар наймаа хийж амьдралаа залгуулах зэрэг шалтгаан хэлэх нь олонтой. Заримынх нүд гялалзаад татварын хяналт шалгалтын байцаагч, Замын-Үүдэд гаалийн байцаагч болж амьдралаа залгуулая гэж шулуухан хэлэх нь эмгэнэлтэй. Төрийн албан хаагчид гадаадад сургуульд явахад илүү боломж бий нь үнэн. Гэхдээ Та өөрөө хичээвэл төрд орсон ороогүй Харвард, Оксфорд байтугайд суралцах боломжтой шүү дээ. Сургуульд сурах хүсэл чинь шөнө нойрноос чинь үсдэж босгоод номыг чинь бариулахуйц хүчтэй байж гэмээнэ биелнэ. Төрийн албанд танилын хүрээгээ тэлэхэд дөхөм. Гэхдээ ажлаас гарсных дараа чухам найз явсан хүмүүс нь танихгүй, дуугарахгүй боллоо гэж хэлэхийг олонтой сонссон. Тэнд танилцсан хүмүүсийн олонх нь чамайг хариуцсан асуудлын чинь хэмжээгээр чамайг харна уу гэхээс амьдралын анд нөхөр гэж харах нь юу л бол.

Иймээс найзуудаа төрийн албанд орох хүсэлтэй бол хүмүүжил, соёл, мэдлэг, ачаалал даах чадвар сурах гэж, хүнд хэрэгтэй зүйл хийе, гүйцэтгэсэн ажлаараа туршлага хуримтлуулж ахиж дэвшэе гэдэг зорилго тавьж хандах нь зүйтэй болов уу. Энэ нь Танд ч, төрд ч, түмэн олонд ч хэрэгтэй байх. Хайран сайхан залуу насаа авлига, албан тушаалаа урвуулан ашиглахын золиос болгон суудлын буг, хүмүүсийн хараал барах гэж төрийн албыг бүү зүглээрэй.

Жич: Энэ бичлэгээр хувийн секторт ажиллахын давуу тал болон тэнд ажиллагсдыг туршлага, сайн чанаруудыг үгүйсгэх сэдэл огт агуулаагүй болно. Хувь ч бай, хувьсгалын ажил ч бай өөр өөрийн давуу, сул тал байдаг тул бичлэгийг маань авах гээхийн ухаанаар болгооно биз ээ.

Амжилт хүсье.

Алаг Адуун Бямбарагчаагийн ТЭЛМҮҮН

2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

/Шүүмж, санал өгсөн Энхбаярын Баярбатад баярлалаа/

Categories: Uncategorized

Хавх руу зүглэх омголон чоно » « Хүсэл бүхэн биелдэг

11 Comments

  1. Бодууштай сайхан бичиглэл хийжээ. Хүмүүс төрийн албаны тухай ойлголт багтай байдаг мэт санагддаг.

  2. Muu Tekudee id shalgaltand beldej bh uyer ajilaa hiigeed suuj bhad n hool avaachij uguhduu udur shunugui suudagiig n medsen dee

  3. Chinii blogiig unshij bnaa?

  4. Umnuh post bas ih taalagdsan.

  5. Hello! Very good job(this site)! Thank you man.

  6. Ер нь бол Төрийн албанд орж байгаа хүмүүс нэг ч гэсэн хүнд тус болчих юмсан улс эх орондоо хувь нэмэр оруулчих юмсан гэж боддоггүйлдээ тийм хүн бараг байхгүй гэж би бүрэн хэлж чадна. Анх Сангийн яаманд ажилд орж байхад миний үеийн залуус бүгд том том үнэтэй машин унасан баян айлын бандгар хүүхдүүд байдаг байв. ТНБДарга нь хүртэл хүнийг ажилд авахдаа энэ хэний хүүхэд вэ гэж асуудаг жирийн ардын хүүхэд байвал байжий гээд хүлээлгээд байдаг тийм л Төр манайд байдаг. Том хүний хүүхдүүд л Сангийн яам, Монголбанкинд ажилладаг. Чиний хувьд жирийн мундаг иргэн байж болно гэхдээ дийлэнх олонхи нь жирийн хүүхдүүд биш байдгиймаа. Өөрийн чинь бичсэн юм амьдралаас тасарцан л санагдлаа. Аль нэг намын юм уу нэр нөлөө бүхий хүнтэй холбоогүй л бол Төрийн албанд ажиллах бараг ямар ч боломж байхгүй.

    • тийм шүү төрийн албанд танилгүй бол ороход үнэхээр мөрөөдөл л болсоон. аав ээж нь төрийн албанд ажилладаг дарга цэрэг хүмүүсийн хүүхдүүд төрийн албанд ордог шдээ тэгээд өөрсдийнхөө хүчээр орчихсон юм шиг зан гаргахыг яанаа

  7. Hello, angiin and min
    Mundag setgeltei zaluu shu! Amjilt husie. Ene postond n bi sanaa bodoloo huwaaltsay. Bi huwidaa turiig undur shunugui ajilluuldag, shunu oroi duuddag gdgiig zuw gj bodohgui bna. Ajil olgogch ajiltan 2 iin hariltsaa tohiroltsson gereenii daguu yawahdag yostoi hariltsaa. Medeej uurt noogdson ajilaa ajliin tsagtaa bagtaaj hj barahgui bol iluu tsagaar suuhad asuudalgui bh, ghde het undur achaalaltai ajilluulj bga gdg bol niigmiin hariutslagagui uildel gj boddog. Herwee ingej ajilluulj bga bol iluu tsag ajillasan hulsuu awah erhtei, hamtiin gereend uuriinhu erhiig hamgaalah heregtei gj helmer bna daanch humuusiin uuriinhu erhiig hamgaalah ajil olgogchijn buruu uildliig huleen zuwshuuruggui bh zorig dutdag yum shgee. Ajiltanuudiin huwid setgeleere bh gdg n shine sanal sanaachlaga heldeg bh, sain duraara ajil uurge nemj guitsetgedeg bh zergeer ilerhiilegdej boloh yum. Bi hicheel dre yaridag 2 taliin hamtiin ajillagaa amjilttai bhin bol bie biendee itgedeg bh, itgedeg bhin tuld huwia hicheehgui bhtai holbogddog gsn tgher ajiltanuud n dan gants setgeleree udur shunugui ajillaad ajil olgogch n buyu tur n ajiltanuudaa boddogui bol hetsuu l yum. Ghde tur n boddog esehiig bi medehgui bna. Tiim bol nzaa heleed uguurei? Gol sanaa maani ajil amidraliin balance. Yunii tuld ajillaad bga bileedee amidraldaa hangalttai heregtseege hangahin tuld bish gju? Tgwel iluu tsagaar ajilladaggui, duudahd n ochdoggui gwl Setgelgui bgada bish ted ch gsn amidrah erhtei uchraas.. Balanciig hadgalahiin tuld 2 taliin buteelch idewhtei sanaachlaga heregtei l dee

  8. Төрийн албанд ажиллаж байж хүн төрийн албанд ажилладаг хүмүүсийн зовлонг ойлгоно. Өдөр шөнөгүй өглөө оройгүй суугаад байхад хэн үнэлж байлаа. Дуртай цагтаа дуудахад хэзээ хамаагүй ирж ажиллачихаад өглөө 8,30 гэхэд бэлэн байж байх естой л байдаг. Тэгэхэд хувийнхан илүү цаг аваад шөнө ажилласан бол маргааш амраад л. Хэдхэн дарга нарын хүүхдүүдээр төрийн албаны энэ олон хүнийг дүгнэж болохгүй л дээ. Төрийн албанд орсоноороо их л юм сурдаг даа.

  9. Huduu oron nutagt bas iim dur zuragtai l bdag, ter yam agentlagiin tom gazar l deer setgegdel bichsen hunii helsenchlen bdag bh

Leave a Reply

Your email address will not be published.

*

Copyright © 2017 Telmuun Byambaragchaa

Theme by Anders NorenUp ↑